top of page
  • Nunu

30 хүрхээсээ өмнө заавал хийх ёстой 10 зүйлс


Өнөөдөр 2017 онд бичиж байсан постоо ахин сийрүүлээд бичихээр шийдлээ.

Хүмүүс хорин наснаас амьдрал эхэлдэг гэж ярьдаг. Харин би эмэгтэй хүний амьдрал 30 наснаас эхэлдэг гэж хэлнэ. 20-30 хүртэл энэ 10 жилд чамгүй олон ааш араншинтай хүнтэй нүүр учирч, хэд хэдэн байгууллагын хаалга татаж, магадгүй хэд хэдэн шөнө дутуу нойртой бүлцэн нүдтэй өнгөрүүлсэн байх. Энэ бүхний эцэст өөрийнхөө юмсад яаж хандаж байгаагаа, юунд дуртай юунд дургүй болох, ямар ааш араншинтай болохоо мэдэж авна. Ингэж л 30 насандаа ирж одоо л миний яг өөрийнхөөрөө, юм бүхэнд өөрийнхөө үзэл бодлоор хандах шинэ амьдрал минь эхэлж байна гэж би боддог. Тиймээс залуу охидууддаа 30 хүрэхээсээ өмнө юуг хийсэн байх ёстой болоод юуг хийж эхлүүлсэн байх талаар өөрийн бяцхан зөвлөгөөг хүргэе.


1. Арьсаа арчлах арга барилтай болох

Чи яг одоо гайхалтай сайхан гялалзсан гөлчийсөн арьстай байгаа. Үүрд иймээрээ үлдэх юм шиг санагдана, эсвэл гоё будалт хийгээд л бүх өө сэвээ дарчихна гэдэгт итгэлтэй байгаа байх. Гоо сайхан бол түр хугацааныг. Өөрийнхөө гоо сайхнаар бүхнийг авна гэж боддог бол тэрэн шиг хулхи найз байхгүй шүү.

Тиймээс өнөөдрөөс эхлээд арьсныхаа онцлогийг олж мэд. Хуурай, холимог, тослогийн аль нь болох, юу хэргэлвэл таарч байгаа эсэх, их мөнгө зарцуулалгүйгээр хэрхэн үр дүнтэй арчилгаа хийж аруудад суралцаж эхэл. Өглөө сэрээд, орой унтахдаа өөрийн гэсэн арьс арчилгаа хийж сурсан бай! Хамгийн сүүлд хэлэхгүй бүүр тушаах зүйл бол нарны тос түрх, нарны тос түрх, нарны тос түрх!



2. Өөртөө тохирох спортын хоббитой болох

Яриагаа гоо сайхнаар эхэлсэн тул үнийгээ дуусгавар болгочихъё. 20 насандаа сайхан биетэй байх бол насных, харин 50 настайдаа сайхан биетэй байна гэдэг бол маш их хөдөлмөрийн үр дүн гэж хэлдэг. Үнэхээр 20 той байхад юу ч идсэн таргалдаггүй сайхан биетэй яваад л байдаг. Тэгэхдээ уучлаарай энэ бүхэн дуусана. Юу ч хийхгүй байвал нэг л мэдхэд чи хийлсэн бөмбөг шиг болно. Тиймээс одооноос эрүүл мэнд, биеийн галбиртаа анхаарлаа хандуулах хэрэгтэй. Биеэ сайхан галбирыг барьж байхад ганц л зүйл тус болох нь ойлгомжтой. Тэр бол Спортоор хичээллэх. Уучлаарай чи спортод дуртай ч бай дургүй ч бай өөр зам байхгүй. Спортоор хичээллэхэд тус болох хэдэн арга байна. Цаг хугацаа байгаа дээрээ ямар спорт чамд аз жаргалтайгаар нөлөөлж байгааг ол нээгээрэй. Ёога, Бокс, Бүжиг, Гүйлт, Буудлага, Усанд сэлэлт гээд маш олон төрөл байгаа. Эдгээрээс өөрт чинь хийхэд аз жаргал өгдөг, стреснээсээ салж чаддаг, ахиад хиймээр санагддаг төрлөө олж нээгээд өдөр тутмын хэвшилдээ багтаагаарай.



3. Хадгаламжын данс

Санхүүгийн биеээ даасан байдал бол эрүүл мэндийн дараа орох тоохон асуудал. Чи 30 гарсан хойноо санхүүгийн хувьд хэн нэгнээс хамааралтай байхаас зайлхийх хэрэгтэй. Хамааралтай болоод л эхэлбэл чи өөрийхөөрөө байж чадахгүй. Хэн болж төрсөн юу хийхийг хүсэж байгаагаа байнга бодож өөрөө өөрийгөө чиглүүлж зорилготой байж сурах хэрэгтэй.

Үүнд хүрэх зам бол хадгаламжын данс юм. Яг одоо өөртөө зориулж аль нэг банкинд хугацаатай хадгаламж нээ. Өөртөө орж ирсэн орлого бүрээсээ дор хаяж 10%, болж байвал 30% ийг байнга хадгал, тэгээд март. Оруулж болдог гаргаж авч болдоггүй сав гэж ойлго.

Эрүүл мэндийн гэнэтийн асуудал, үл хөдлөх хөрөгнтэй холбоотой асуудал, аялал, боловсрол, үнэхээр ирээдүйд хөрөнгө оруулалт болж чадах цүнх зэрэгт энэ данснаас зарлага гаргахийг зөвшөөрөнө. Энэ данс дуусах ёсгүй нэмэгдэж л байх ёстой шүү.



4. Нөхөрлөлөө дараагийн төвшинд аваач

Эмэгтэйчүүд бид чинь харилцаанд дуртай хүмүүс. Нас явах тусам найз нөхөд багасдаг гэж ярьдаг. Энэ бол үнэн. Өнөөдөр чамд шоудах найз, шоппинг хийх найз, хичээл хийх найз гээд л найз нөхөд хүрээлэн байна. Нэг л өдөр чиний өөрийн гэсэн амьдралаа босгохоор завгүй ажиллах цаг мөч ирнэ. Энэ үед найзууд аажмаар багасаж эхлэнэ. Сайн найзууд угаасаа сонгогдоод үлддэг. Тэгэхдээ юу ч хийхгүй бол хэн ч чамайг сонгохгүй. Нэг л мэдхэд чи нэг л их өндөр карертай ганцаардсан хүн үлдэх болно. Тиймээс найзууддаа одооноос цаг гаргаж сур. Яг үнэндээ зарим найзуудаасаа салж болно. Зөвхөн чиний хэрэг болход л гарч ирдэг, чамайг байнга доош нь хийж, дээш татдаггүй бол найзын жагсаалтаасаа хас. Харин тэрний оронд хэцүү амьдралтай ч үргэлж зөв замаар урагшилж байдаг найзтайгаа үлд. Эцэст нь хэлхэд найзуудаа байгаагаар нь хүлээн зөвшөөр. Зөвхөн найзуудаасаа тусламж авхад биш тэнд ч тусламж өгөхөд суралцаж эхэл дээ.



5. Өөрийн стилээ олж мэд

30 хүрэхээсээ өмнө өөрийнхөө ямар стильтэй болохоо мэдэхээр ажиллаж эхлэх хэрэгтэй. Өөрийн биеийн галбир, арьсны өнгөнөөс эхлээд ямар стиль өөрийг тань илэрхийлж чадахаар байгааг мэд, өөрийгөө сонс, олон зүйлд турь ямар стиль чамаг илүү итгэлтэй болгож байгааг мэдээрэй. Энэ талаар бичигдсэн, өөрт тань сэдэл болж чадах ном зөндөө бий. Тусламж авхаас хэзээ ч битгий санаа зов. Жишээ нь Миний тусгал номыг авч уншаарай.ккк

Өөрийн стилээ эрт олж мэдсэнээр ирээдүйд хийх олон загварын алдаанаас эрт аврагдах болно.



6. Онцлог чимэглэл

Би түрүүн хэлсэн 30 нас гэдэг бол эмэгтэй хүний өөрөө өөрийнхөө онцлогийг олчихсон байх ёстой насаа гэж. Өөрийн гэсэн онцлог энэ удаа их чухал болохоор 30 хүрэхээсээ өмнө өөрийн гэсэн гоёл чимэглэлтэй бол. Түүнийг чинь хараад л чамайг ямар хүн болохыг чинь харуулж чадаж байхаар. Гэр бүлээс чинь өвлөгдөж ирсэн эдлэл, аль эсвэл өөрийн тань стилт таарсан чулуун гоёл гэх мэт.

Яг юунаас эхлэхээ мэдэхгүй бол хамгийн энгийн шигтгэдэг алмазан ээмэг, ордны дүрстэй энгийн хүзүүний зүүлт гэх мэт. Ямар ч байсан дараа үр хүүхэддэ өвлүүлж өгөхөд ярих түүхтэй байвал сайхан.




7. Секси дотуур хувцас

Таны гэр бүлийн байдал гэрлэсэн, ганц бие, найз залуутай байх нь хамаагүй энэ таны өөрийн зэвсэг болох тул ядаж нэг секси хослолтой болж аваад хэрхэн хэрэглэх талаар сайтар турш.Хэрвээ сонирхол байвал зөвхөн дотуур хувцас биш түүнээс цааш ч судалж болно. Энэ насанд бид аль хэдийн сексийнболовсролтой болсон байх ёстой. Аюулгүй, хариуцлагатай секс, өөртөө болоод өрөөлд тааламжтай байрлал гэх мэт. За энэ сэдвийг танд нээлттэй орхиё.

8. Дизайнерийн цуглуулгаа эхлэх цаг Энэ бол миний хувийн нэмэлт. Бүх л охидууд дизайнеруудын загварт урьхидуулдаг байх. Арга ч үгүй биз дээ, бидныг урьхидахын тулд улам ихээр хичээнгүйлэн ажиллаж байхад. Тиймээс дуртай дизайнер-нхаа загвараас цуглуулж эхэлхэд буруудахгүй л болов уу. Хамгийн загварлагыг нь биш харин хамгийн удаан хэргэлж болох загвараас эхлээрэй. Жишээ нь хэтэвчнээс эхлэж болно. Хэтэвчээ гаргах бүрдээ та өөрийнхөө нэрийн хуудсаа үзүүлээд байна гэж ойлго. Тэгэхээр энэ нэрийн хуудсаа өөрийгөө төлөөлхүйц чамин байлга.

9. Хууль эрх зүйн ойлголттой бол

Миний туршлагаас хархад аль хэдийн 30 гарсан хойноо татварын ойлголтгүй, хууль эрх зүйн наад захын ойлголтгүйгээс болж хохирол амсаж байгаа хүмүүс олон байна. Үүнийг 10 жилд анхан шатны ч болтугай заадаггүй нь харамсалтай шүү.

Хэрвээ хувиараа бизнес хийх гэж байвал ямар ямар үүрэг хүлээдэг, ямар ямар татвар төлдөг. Ажил хийж байвал ажил олгогч ямар эрхтэй байдаг, цалин яаж боддог талаар наад захын мэдлэгтэй болсон байх хэрэгтэй. Цаашлаад хуулийн байгууллагын өмнө ч өөрийгөө аваад явахад айж сандралгүй цэгцтэй ярьж сурах хэрэгтэй.

Энэ бүх мэдлэг нь биднийг илүү хүчирхэг илүү нээлттэй өөрийнхөөрөө байхад туслах болно.


10. Хувийн төлөвлөгөө гаргаж сурах

Миний их орой хийсэн зүйл бол энэ. Маш их эрч хүчтэй, олон бүтээлч санаатай, сайхан мөрөөдөлтэй байсан ч түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөөгүй байсан минь миний хамгийн харамсмаар зүйлүүдийн нэг. Тиймээс одоо 20 гарч буй бүсгүйчүүлдээ захих сүүлийн зүйл бол хувийн төлвөлгөө юм.

Мэдээж бүх зүйл төлвөлснөөр байхгүй. Бүх зүйлээ нэг бүрчлэн төлвөлж биелүүлэх нь нэг талаараа уйтгартай.Тэгэхдээ л төлвөлгөөгүй бол гол дунд өөрийгөө хөвж яваагаар л төсөөл, хэзээ ч хүссэн газраа очиж чадахгүй.

Төлөвлөгөөний хамгийн эхний алхам бол 7 өдөр бүр ирэх 7 хоногт юу юу хийхээ төлөвлөж сурах. Энэ төлөвлөгөөнд чинь гэр бүл, ажил, боловсрол, эрүүл мэнд, найз нөхөд, зугаа цэнгэл бүгд багтсан байх ёстой шүү.



564 views0 comments
bottom of page